У.Энхбаяр:Эхо оношилгооны үр дүн нь тоног төхөөрөмжийн хүчин чадлаас илүүтэй эмчийн чадвараас шалтгаалдаг

0
17

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны их эмч У.Энхбаяртай ярилцлаа.

Тэрээр 1995-2001 онд тухайн үеийн АУИС-ийн харьяа Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

2001-2003 онд АУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд дүрс оношилгооны их эмчийн мэргэжлээр төгсөөд 2003-2005 онд хуучнаар ЭМШУИС-ийн Докторантур магистрантурын албанд Анагаах Ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

2016 онд БНХАУ-ын Бээжин хотын Анагаах Ухааны Их Сургуулийн сургалтын эмнэлэгт дурангийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 2017-2018 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сургалтын албанд /CT/MRI/ төрөлжсөн нарийн мэргэжлийн их эмчийн дээшлүүлэх курс тус тус төгссөн.

2012-2016 онд АШУҮИС-МУЭИС-д “Ерөнхий мэргэжлийн эмчийн ёс зүйн сургалтын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр анагаах ухааны-боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан. 2018 онд дүрс оношилгооны эмчийн мэргэжлийн “Ахлах” зэрэг хамгаалсан бол 2019 онд Анагаах Ухааны хүрээлэн, Эрдмийн зөвлөлийн тогтоолоор клиникийн профессор цол хүртсэн юм.

“Эхо”-д үзүүллээ гээд л  хүмүүс ярих нь бий. Гэвч “Эхо” буюу хэт авиан шинжилгээ гэж юу болохыг зарим нь сонирхож болох юм?

-Хэт авиан шинжилгээ гэдэг нь хэт авиан дууны долгионыг ашиглаж хүний биеийн эд, эрхтнүүдийн бүтцийн байдалд үнэлгээ өгдөг нонинвазив (арьс болон салстыг гэмтээдэггүй) шинжилгээ юм. Хэт авиан шинжилгээний тусламжтайгаар олон чухал мэдээллийг авах боломжтой бөгөөд хүний эрхтнүүдийн байрлал, хэлбэр, бүтэц, хөдөлгөөн зэргийг үнэлдэг.

“Эхо оношилгоо” гэж нэрлэж заншсан хэт авиан шинжилгээ нь оношилгооны ач холбогдол өндөртэй, туяаны ачаалалгүй буюу хоргүй, үйлчлүүлэгчээс онцгой бэлтгэл шаарддаггүй, хурдан, олон дахин хийж болдог, тухайн хүнд зовиур шаналгаа учруулдаггүй, харах явцдаа оношилгооны дүгнэлт нь гардаг, үнэ өртгийн хувьд хямд, зөөвөрлөх боломжтой гээд олон давуу талтай байдаг.

-3D, 4D эхо-д харуулбал илүү сайн гэсэн ойлголт байдаг. Энэ нь ямар ач холбогдолтой юм бол?

-Тэгэхээр “2D” эхо нь оношилгооны суурь болдог учраас ач холбогдлоороо бусдаасаа илүү гэж ойлгож болно. Анагаах ухааны практикт 2D буюу хоёр хэмжээст дүрслэлийг түлхүү ашигладаг. 3D/4D технологи нь оношилгооны зорилгоосоо илүү ялангуяа жирэмсэн үед ургийн зургийг дүрслэн харах гэсэн эцэг, эхийн хүсэлд суурилсан гурав болон дөрвөн хэмжээст дүрслэл юм.

“3D” эхо нь тухайн харж байгаа эрхтний дүрслэлийг 3 хэмжээгээр нь бодит юм шиг харуулдаг бөгөөд 4D эхо нь 3D хэмжээсээр авсан дүрсийг хөдөлгөөнт хэлбэрээр харуулдгаараа давуу талтай байдаг.

-Сүүлийн үед 5D хэт авиан төхөөрөмж гарсан гэж ярьж байгаа. Энэ нь бусдаасаа ямар ялгаатай байдаг вэ?

-“3D” зургийн хувьд хүний арьсны өнгийг дуурайж компютероор гаргаж авсан өнгөтэй байдаг бөгөөд 4D дүрслэл нь хөдөлгөөнтэй болгож харуулдаг. Харин 5D хэт авиан шинэ технологи нь хагас автомат ажиллагаатай болсноор эмч нарын ажлыг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх ач холбогдолтой болохоос илүү сайн мэдээлэл өгнө гэсэн ойлголт байхгүй.

Ер нь аль ч орнуудын чадварлаг туршлагатай эмч нар 2D хэмжээст эхо-гоор бүхий л оношилгоогоо хийдэг бөгөөд шаардлагатай цөөн тохиолдолд 3D, 4D хэмжээст хэрэглэдэг.

Ямар ч хүчин чадал сайтай аппарат байлаа гээд ажиллуулж байгаа эмчийн мэдлэг, дадлага, чадвар сайнгүй бол бас асуудалтай. Ер нь тухайн шинжилж буй эрхтний талаар сайн мэдээлэл гаргаж дүгнэхэд дараах гурван нөхцөл бүрдсэн байх шаардлагатай гэж үздэг.

Нэгдүгээрт, аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадал, хоёрдугаарт, эмчийн мэдлэг, ур чадвар, эцэст нь үйлчлүүлж байгаа хүнийг шинжилгээнд зөв бэлдсэн байх.

Хүмүүс “Эхо чинь өнгөт үү?” гэж асуух нь бий. Тэгэхээр хүмүүс өнгөт зурагт үзэж байгаа юм шиг дүрс харагдана гэж ойлгодог бололтой. Гэтэл ийм зурагтаар юм үзэж байгаа юм шиг хардаг эхо одоогоор практикт нэвтрээгүй байна. Хүмүүсийн өнгөт гээд хэлээд байгаа эхо-г мэргэжлийн хэллэгээр өнгөт “допплерт” эхо гэж нэрлэдэг.

Хэт авиан дууны долгион нь дэлгэц дээр хараас цагаан хүртэлх саарал шатлалын өнгөөр дүрслэгдэн харагддаг. Харин өнгөт допплер гэдэг нь цэсний урсгалын хурдыг тодорхойлж, түүний хурднаас хамаарч өнгө ялгарч харагдахаар программчилсан байдаг.

Өнгөт допплер нь оношилгооны өндөр ач холбогдолтой бөгөөд эд эрхтний цусан хангамжийн ихсэлт бууралт, зүрх, судас болон жирэмсэн эхийн эхо оношилгоонд өргөн ашигладаг.

-Эхогоор ямар эрхтнүүдийг шинжлэх боломжтой бол?

-Бид “Эхо” шинжилгээгээр харах боломжтой бүх л оношилгоог чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд гол зорилгоо болгон ажилладаг.

Тиймээс бид мэдлэг, мэргэжлээ байнга дээшлүүлж, стандарт, удирдамжийг мөрдөж ажиллахын хажуугаар хийсэн ажлынхаа үр дүнг тооцож судалгаа тандалтыг хийж, олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлуудаа нийтлүүлж ирсэн.

Судалгаа шинжилгээний ажил бол нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжилд их хувь нэмрээ оруулдаг зүйл. Дүрс оношилгооны эмч нар зөвхөн шинжилж буй тухайн эрхтний дүрслэлд дүгнэлт гаргадаг учраас үүнийг төгс оношилгоо гэж үзэж болохгүй.

Дүрс оношилгооны шинжилгээ нь өвчний түүх, шинж тэмдэг, бодит үзлэг, бусад шинжилгээтэй хамт ашиглагдаж байж дүгнэлт гардаг. Зөвхөн рентген шинжилгээний дүгнэлт өвчнийг оношлоход хангалттай бус юм.

Өөрөөр хэлбэл дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлт нь тухайн эмгэгийг оношилоход туслах нэг шалгуур үзүүлэлт нь болдог.

-Ямар нэгэн эрсдэл болон дагалдах нөлөө байдаг уу?

-Хэт авиан шинжилгээ нь хор нөлөө үзүүлдэг гэдгийг одоо болтол судалгааны үр дүнгээр тогтоогоогүй. Энэ нь хэт авиан дууны долгион ашиглаж тус шинжилгээг хийдэгтэй холбоотой байх.

Оношилгоо нь хүний биед цацрагийн ачаалалгүй учир хор нөлөөгүй, эхо оношилгоогоор илэрсэн үүсгэвэр байсан тохиолдолд зайлшүй дараагийн шатны шинжилгээгээр тодруулж оношийг тогтоох нь чухал байдаг.

-Ямар үед эхо-д харуулах шаардлагатай вэ?

-Заавал зовуурь илэрч, өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх зорилгоор эхо оношилгоонд жилдээ ядаж нэг удаа хамрагдах хэрэгтэй гэж үздэг.

Хэдийгээр үйлчлүүлэгчийн бие даасан байдал, итгэл үнэмшлийг хүндэтгэн үзэх хэдий ч нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгоонд хамрагдаж, үйлчлүүлэх эмнэлгээ оновчтой сонгох, эсвэл тухайн хүн эрүүл мэнддээ анхаарал бага хандуулснаас болоод цаг алдаж өвчин нь хүндэрч эрүүл мэндээ хохироох явдал их байдаг.

Бүрэн батлагдсан тохиолдолд эхо шинжилгээгээр үүсгэврийг хянах нь олон дахин өртөг өндөртэй шинжилгээнд илгээхээс сэргийлдэг давуу талтай.

Тиймээс оношийг зөв тогтоож байж л цаашид авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ үйлчилгээний суурь нь зөв байх юм.

-Иргэдэд үзүүлдэг эхо үйлчилгээний ачаалал ямар бaйна вэ?

-Эмнэлгийн ачаалал одоогоор долоо хоногийн хүлээгдэлтэй байгаа. Нэгдүгээрт эрэлт их байна. Өөрөөр хэлбэл эмч нараас илгээсэн хүний тоо их. Тэр тоо нь одоо эхо шинжилгээ хийж байгаа эмчийн ачааллаас давсан гэж үзнэ.

Нөгөө талаасаа эхо шинжилгээнд илгээж байгаа эмч нар шаардлагагүй илгээлтийг ч хийдэг. Хоёрдугаарт Дорноговь аймгийн хүн амын тоо ихэссэн. Хөдөлгөөнт хүн ам ихтэй. Хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй. Өөрөөр хэлбэл эрүүл аж төрөх ёсонд сайн суралцаагүй байна. Амьдралын буруу хэв маяг жаягаа өөрчлөөгүй.

Үүнд буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, зөв зохисгүй хувцаслалт, амралт, ажлын горим алдалт зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм. Үүнээс гадна эмнэлгийн дотоод зохион байгуулалт алдагдсанаас үүдэж амбулаторийн үйлчилгээтэй зэрэгцэж урьдчилан сэргийлэх үзлэг нэмэгдсэн.

Мөн хүний нөөцийн бодлогын асуудал, тоног төхөөрөмжийн хүчин чадал хийгээд цаг товлох үйлчилгээнээс гадна яаралтай тусламжаар ирж үйлчлүүлж буй хүний тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд байна.

чааллыг бууруулах, багасгах чиглэлээр ямар ажил хийвэл зохилтой бол?

-Ачааллыг багасгахын тулд нэгдүгээрт хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ёстой. Үүдэнд цаг авсан хүмүүсийн хажуугаар хаа нэгтэйгээс хэн нэг хүн гэнэт ирээд үзүүлэх гээд хүндрэл бэрхшээл гаргадаг асуудал эмнэлгийн ажилчдад дарамт учруулдаг.

Гадны оронд яаралтай тусламж шаардлагагүй л бол нэг хоёр сарын дараа эмнэлэгт үзүүлэх цаг авах нь наад захын асуудал.

Мөн хүний нөөцийн асуудлыг хүн амын өсөлт болон өвчлөлтэй холбож үзэн нэмэгдүүлэх, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор хувийн эмнэлгүүдийн ижил төстэй шинжилгээнүүдийн төлбөрийг даатгалаас гаргах боломжийг бүрдүүлэх, эцэст нь эмнэлгийн үйлчилгээний зөв зохион байгуулалт төлөвлөлт чухал юм.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй залуу эмч хүний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байна?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж харьцангуй хангалттай гэж үздэг. Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, эрүүл аж төрөх ёсонд суралцахын тулд ясли, цэцэрлэгээс нь эхлэн эрүүл мэндийн хичээлийг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээс эхлэх.

Олон нийтийн сүлжээ, телевиз радио интернэт зэрэг сувгаар янз бүрийн сархад, бараа бүтээгдэхүүн сурталчилдаг шигээ ядаж гараа яаж угаах, шүдээ яаж угаах, хувцсаа яаж тохируулж өмсөх гээд л энгийн болоод хэвшил болохуйц мэдээлэл сурталчилгааг байнга тасралтгүй, сонирхолтой, анхаарал татахуйц байдлаар явуулах хэрэгтэй санагддаг.

Өнөөгийн Монголын нийгэм төрөөсөө эхлээд л бүгд ёс зүйгүй болчихсон юм шиг. Энэ нь бүх сувгаар замбараагүй ил тод гарч байгаа нь нийгмийн харах өнцгийг сөрөг болгосон мэт санагддаг.

Энэ нь нөгөөдөө шууд ба шууд бусаар нөлөөлдөг гэж үздэг. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй л гэж их ярьдаг. Гэтэл аливаа асуудлын эрэг боолтыг хоёуланг тохируулж байж ажил эрчимтэй явна. Тийм болохоор мөн үйлчлүүлэгч нарын ёс зүйн асуудлуудыг ч анхаарах хэрэгтэй байх. Энэ хэцүү л дээ.

Ёс зүй, хэм хэмжээний асуудал нь том ойлголт учраас нийгмийн хөгжилтэй шууд холбоотойгоор өөрчлөгдөж байдаг байх.

Аймгийн эмнэлгийн хувьд энэ асуудлыг хөндсөн олон ажлыг бид хийж үзсэн ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь нийгмийн ёс зүйн том асуудал цаана нь байгаатай холбоотой.

-Сүүлийн жилүүдэд эхо оношилгоо үйлчилгээнд ахиц гарч, эмч нар ч дадлага туршлагатай боллоо гэж ярьж байгаа. Та ямар бодолтой байдаг вэ?

-Тийм ээ. Эхо оношилгооны чанарт ахиц гарсаар ирсэн нь Монголын дүрс оношилгооны нийгэмлэгээс энэ чиглэлийн сургалтууд зохион байгуулж, эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтууд олон улсын хэмжээнд үр дүнтэй өрнөдөг болсон бөгөөд нөгөө талаас хэт авиан оношилгооны аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадал бидний барьж байгаа гар утас шиг өдөр тутам шинэчлэгдэж байгаатай холбоотой.

Манай эмнэлэгт одоогоор дүрс оношилгооны гурван их эмч ажиллаж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн.

Цаашид бид хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудлуудыг цогцоор нь бүрдүүлж, эхо оношилгооны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улам сайжруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн чадварлаг баг болон ажиллахыг зорьж байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Please enter your comment!
Please enter your name here